Wednesday, June 16, 2010

Үндэсний үзэл

Үндэсний үзэл гэж юу вэ ?
Үндэсний үзэл гэдэг нь тухайн үндэстэн төрөө байгуулж , хамгаалан бэхжүүлэхтэй холбоотой улс төрийн хөтөлбөр , нийгмийн хөдөлгөөн юм . Төрөө байгуулж чадсан үндэстэн байхад тэгж чадаагүй нь бас олон . Төр нь хүчирхэг болсон боловч үндэстэн бүрдэх үйл явц нь төгсгөл болоогүй байх явдал ч байна . Түүний нэг жишээнд америкийг нэрлэдэг . Хүмүүн төрөлхтөн нь хөгжлийнхөө ихэнх үеийг амь аргацаах төдий хөдөө аж ахуй , мал аж ахуй эрхэлж байсан үеийг дамжсан байдаг . Бөглүү нутагт амиа аргацаах төдий аж ахуй эрхэлж байгаа хүмүүсийн хувьд овог аймгийн үзэл байлаа . Трибализм буюу манайхаар бол нутгархах үзэл байж мэднэ . Гэхдээ нутгархах үзэл–тэй дүйцүүлж хэрхэвч болохгүй биз ээ .
Лүжир ургаа мод



Ургаа модыг хааш нь ч аваад явж болохгүй утгаараа үндсэний үзэл хөдлөшгүй байх юм.Уг сурвалжаа үүх түүхээсээ авах ёстой утгаараа ургаа модны үндэс мэт байх юм.Ургаа мод цаг агаарын өөрчлөлтөөр навчилж, цэцэглэж өнгөө засдаг.Түүнтэй нэгэн адилаар орчин үеийн элдэв бусын изм-үүд манай үндэсний үзэлд үр нөлөөгөө тусгах нь гарцаагүй билээ . Тиймээс үндэсний үзэл гэхээр хуучнаа махчилан дууриах гэсэн хэрэг биш уян хатан байх нь зайлшгүй . Гэхдээ Үндэсний үзэл нь сэтгэлгээний суурь нь болж чадвал бид ургаа мод байж чадна ,

Ваартай таримал цэцэг




Хэрвээ бид үндэсний үзэлгүй бол бид элдэв зүйлийг өнгө өнгөөр цэцэглүүлсэн ваартай цэцэг лугаа адил болно.Тийм ваартай цэцгийг хаана ч аваачаад хэн ч усалж,тордож ургуулж чадах юм.





Монголчуудын Үндэсний Үзэл, Гурван цагийн хэлхээс

Ертөнц ба Монголчууд

Ертөнц дээр 5000 гаруй үндэстэн тоологддог гэх,эдгээрээс 200 гаруйхан нь өөрсдийн төрөө байгуулж чадсан байна.
Эдгээр төрүүд дотор холбооны улсын төрүүд зонхилдог ба моно наци гэж ярьдаг хэл соёл, угсаа гарвал нэгтэй үндэстнүүдийн хувьд төрөө байгуулж чадсан нь бүр цөөхөн юм.
1206 онд Монголчууд Их монгол улсын Төрөө байгуулж чадсан нь nation-state гэдэг утгаараа хүн төрлөхтний түүхэн хөгжилд том хувь нэмрээ оруулсан гайхалтай үйл явц болжээ.

Үндэстэн, төр улсаа байгуулсан их үйл хэрэг яаж бүтэв?
Эрэмгий хурдан хүлгийн дарцагласан дэлэн дээр ирт сэлэм далайсан Чингисийн эрэлхэг баатруудын монгол давхилын омогт дүр зураглагдан буудаг.Гэвч энэ нь өнгөн хэсгийн үзэгдэх илрэл юм. Тэр үеийн Монголын тал нутаг эрэмгий хүлгийн нуруун дээр дарцагласан эрчит сумаа тавихад бэлэн зоригт эрсээр дутаж байгаагүйг түүх гэрчилнэ. Харин эзэн хаанаа суудалд нь залж төр улсаа төвхнүүлэх үзэл дор нэгтгэн зангидагдсан их хүч Монгол үндэстний nation-state төрөх гол нөхцөлийг бүрдүүлсэн болов уу. Чухамдаа Монголчуудыг оюун санаа зохион байгуулалтын хувьд зангидаж чадсан их хүчийг төрүүлсэн үзлээс Монгол хүн монгол хүнээ аврах амин үзэл, Монгол төрөө бэхжүүлж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хамгаалах үндэсний үзэл, Монгол хүн орчлон ертөнцөө таних Монгол ухааныг олж харж болно .

Монгочуудын үндэсний үзэл хаанаас эхтэй, хэзээ бий болсон юм бэ?
Үндэсний үзэл гэдэг нь эх орон, ард түмэн, үндэсний бахархал, түүх, соёл, уламжлалыг нэгтгэсэн өргөн ойлголт боловч түүний төвлөрсөн илрэл нь чухамдаа төрт ёсны үзэл, төр-улсаа авч явах улс төрийн хөтөлбөр юм.
Овог аймгууд өөрсдийн дундаас тодруулсан шилмэл удирдагчаа хүрээлэн, тойрон нягтарч улмаар хамтын эрх ашгийн төлөө (юуны өмнө билчээр нутгийн төлөө) тэмцэж байсан тэр цагаас үүсч Улмаар эзэн хаандаа үнэнч байх төрийн үзэл болжээ. Үндэсний үзлийн язгуур ойлголт нь аливаа үндэстэн угсаатан өөрт оногдсон төрмөл газар нутаг орон зайгаа бусдад алдахгүй байх,газар нутаг орон зайгаа хянаж байхын тулд зохион байгуулалтанд орсноор үүссэн гэж үздэг юм байна. Иймээс үндэсний үзэл үндэстэн үүсэх явцад бүрэлдэн бий болсон байдаг тул үндэстний хувьд төрмөл үзэл нь болдог ажээ.
Үндэсний үзэл нь Хаадын ардчиллын үед ( Монголчууд их Хаадаа Алтан ургийнхнаас тодруулан Их Хурилдайгаар сонгодог байсан) эзэн хаандаа үнэн ч байх эзэн хаан нь ард иргэддээ мөн итгэл хүндлэлтэй хандддаг үзэл байсан байна.
Үндэсний үзэл нь 13-14-р зуунд ялан дийлэхийн үзэл байсан байж магадгүй.Энэхүү үзэл нь Монголчуудын туулж өнгөрүүсэн буурал түүхийн бартаа нугачаатай замын сорилтонд хэрсүүжэн 16-р зуунаас тусгаар тогтнолоо олж авах үзэл болон төлөвшсөн байна.
Алтан ураг нь Монгол төрийн дархлаа, үеийн үед үндэсний үзэл дээр суурилсан уламжлалт бодлогыг тээгчид байжээ.
Өөрөөр хэлбэл монголчуудын үндэсний үзэл гэдэг нь Монгол төрийн хар хайрцагны бодлого юм.
Эсвэл үндэсний үзэл нь Монгол төрийн амь мөн гэж хэлж болно.

Үндэсний үзэл ба тусгаар тогтносон Монгол улс.
Монголчууд бид манж Чин улсын эрхшээлд байсан 220 жилийн турш бидний үндэсний үзэл өөрийн төрт ёсыг сэргээж тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа олж авахын төлөөх тэмцэл байлаа.
1911 оны 12-р сарын 29-нд Монгол улсаа сэргээн тунхаглаж, оны цолыг Олноо өргөгдсөн хэмээн нэрлэж, Богд Жибзундамбыг хаанд өргөмжлөн Монгол орон Манжийн эрхшээлээс гарч буйгаа зарласан юм. Чухамдаа энэ өдөр Монголын үе үеийн Үндэсний үзэлтнүүдийн зорилго биелсэн, Их Монгол улсын задралаас хойшхи он жил, цаг хугацаан дундаас товойн гарах, Монгол үндэстэн дахин сэргэн мандах их үйлсийн шавыг тавьсан өдөр байсан юм. 1921 оны “Ардын хувьсгал” хэмээн нэрийдэж дадсан үйл явц мөн чанараараа 1911 оны тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний үргэлжлэл байсан байдаг. 1920-иод оны үйл явц нь Орос оронд өрнөсөн Октябрийн хувьсгал, Манж-Чин улс унасны дараахи Хятадад өрнөсөн үйл явдлын нөлөөн дор өрнөсөн байдаг ба улмаар 1924 онд батлагдсан Монголчуудын анхны үндсэн хууль нь Бүгд Найрамдах засаглалаа тунхаглаж хөгжлийн шинэ эрэмбэнд дэвшин орж чадсан боловч гадны улсын ашиг сонирхол, үзлийн тулгалтанд автан хийгдсэнээрээ учир дутагдалтай байдаг.
19-20-р зууны зааг үед Монголчууд үндэстний хувьд орших, эс оршихын зааг дээр ирсэн үе байв. 400 гаруйхан мянган хүн амтай, ихэнхи нь бичиг үсэггүй, орчин үеийн үндэсний эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын тогтолцооны анхдагч шинж ч үүсээгүй, гадаад харилцаагүй жинхэнэ утгаараа “Ертөнцийн хязгаар” гэсэн ойлголтыг төлөөлж байсан юм . Чухам үндэстний хувьд уналтанд орсон хамгийн хүнд бэрх энэ цаг үед Үндэстний үзэлтнүүд л эвлэлдэн нэгдэж , зориглон хөдлөж байж Үндэстнээ арчигдан алга болж мэдэх аюулын ирмэг дээрээс татан гаргаж Тусгаар тоггнолоо зарлаж үндэстэн улсаа сэргээхийн төлөө зогсож чадсан байдаг . Тэр үеийн үндэсний үзэлтнүүд хэрхэн их зүрилгын төлөө эвлэлдэн нэгдэж чадав , ямар нөхцөл байдлууд хүрсэн амжилтын гол хөшүүрэг болсон бэ ? тэр үеийн үндэсний үзэлтнүүд гэж хэн байсан бэ ? гэсэн асуултууд төр суларч , тусгаар тогтнол хэврэгших аюул нүүрлэж буй тухай яригдаж байгаа өдгөө цагт анхаарал татсан судлууштай аргын нэг юм .

Өөрөөр хэлбэл Монгол хүн бусдын хараат байх дургүй , хараат байж чаддаггүй гэж ярьдаг . Үүнийг бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг тархай бутархай амьдарлын хэв маяг нь ийм байлалд хүргэсэн гэж үзэх хандлага байдаг байна . Тийм ч биз . Гэхдээ хамгийн гол нь уламжлалт өрх гэрийн хүмүүжлээсээ олсон Төр ёсыг дээдлэж , үндэстэн тусгаар амьдрах гэсэн үнлэсний үзэл Монгол хүн бүрт шингэсэн байдаг нь энэхүү үндэсний үзэл маань төрмөл гэдийг баталж байгаа юм шиг . Монголчууд хэдийгээр дор орсон , ядуу буурай , бүдүүлэг ахуйтай байсан ч Тал хээр нутагт дураараа бэлчих таван хошуу мал сүрэг нь хэзээ ч өлсгөлөн гуйланчлалд хүргээгүй юм .Энэ нь үндэстнээрээ тусгаар байх хүслээ юухнаар арилжих шаардлагагүй өөрсдийн амин зуулгаа авч явах чадвартай байна гэсэн үг юм. Хамгийн гол нь тусгаар улс байж хөгжинэ гэсэн үзэл санааны итгэл үнэмшлээ дотроосоо хайж байж социалист , либерал болон бусад үзлээр хөгждөг үзэл санаа хараахан орж ирээгүй байж . Мөн үндэстэн байгаа цагт байх ёстой үндэстнийхээ төлөө цаг үеийг зөн совингоороо мэдрэгчид магадгүй байгалын үүргийнхээ дагуу санаачлага гарган зориглон хөдөлжээ . Социализм байгуулж хөгжих гэсэн он жилүүд нэн шинэ түүх учраас тэрхүү рн жилүүдийн үйл явц хөрж амжаагүй байна . Энэ он жилүүдэд 37 оны хавчлага хэлмэгдүүлэлт болж , үндэстэн нэг үзэл суртал , нэг өмчинд суурилсан гаж тогтолцооны золиос болж байсан хэдий ч бүх нийтээр бичиг үсэгтэй болж эрүүл мэнд боловсролын болон эдийн засгийн салбаруудын орчин үеийн тогтолцоо бүрдэж хамгийн гол нь Монгол улс НҮБ-ын гишүүн болж тусгаар тонтносон бүрэн эрхт статусаа дэлхийн улсуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь Их монгол улсын задралаас хойшхи манай үндэстний олсон өөр юутай ч зүйрлэшгүй том амжилт юм .
1990 оны түүхэн үйл явцын зангилаа нь 1992 оны 1-р сард батлагдсан шинэ үндсэн хууль болсон ба харамсалтай нь төрмөл үзсл дээрээ суурилсан Монгол төрийн номлолыг бий болгож чадаагүй юм . Уг хууль нь МАХН –аар төлөөлүүлсэн либерализмын үзэл онолын чиг баримжаан дээр суурилж гадаадын зөвлөхүүдийн сайн санааны зөвлөмжийг багтаасан хууль болон батлагджээ . Өнөөдрийг хүртэлх сүүлийн 300 гаруй жилийн түүхээ нягтлан харахад үндэёний үзлийг тээгч төр улсын зүтгэлтнүүд , соён гэгээрүүлэгчид байнга байсаар ирсэн байдаг ч үндэсний үзэл тогтолцоо , зарчим болж Монгол төрийн албан ёсны номлол , үзэл суртал хэзээ ч байж чадсангүй тийм түвшинд очиж хөгжсөнгүй .

Бид ойд төөрсөн сармагчин лугаа адил харийн үзлүүдийн дунд төөрөгдсөөр байгаа нь:
Социализмын үеийн үзлийн гажуудал нь Монголчуудыг Үндэсний гэх юм болноноос нь хөндийрүүлж улмаар үүссэн орон зайд нь Марксист онол , харь гүрний ашиг сонирлыг зарим талаар гадны тулгалтаар зарим үед өөрэдийн санаачилгаар хуулбарлан хэрэгжүүлж байснаар илэрдэг . Харин 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал нь уг чанартаа тусгаар тогтнолоо бүрэн олж авах гэсэн Монголчуудын язгуурын сонирхлын илрэл байсан юм . Гэвч 1992 оны Үндсэн хуулинд “…хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно” гэсэн зорилтыг тунхагласан байдаг ба үүнийгээ хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн зам гэж хялбаршуулан ойлгож олон түмэндээ ийм суртлыг тараах болсон . Өнөөдөр Монгол улсаа хөгжүүлэх үзэл онолын орчинг нэг талаас социализм байгуулж байсан нэн шинэ түүхийн инерци болон үлдсэн МАХН түүний явуулдаг бодлогоор төлөөлүүлэн ойлгодог ардчилсан социалист үзэл санаа буюу нийгэм төвтэй хөгжлийн үзэл онол , нөгөө талаас АН түүний шинэ цагийн либерал зүтгэлтнүүдээр төлөөлөн ойлгодог өрсөлдөөнт , чөлөөт зах зээлийг хөгжүүлэх үзэл санаа буюу Хүн төвтэй хөгжлийн үзэл онол хоёрын нүүр тулан мөргөлдсөн тэмцлийн түүх байлаа гэж хэлж болох юм . Хоёр үзэл нь хоёулаа олон зууны улбаатай , үзэл тус бүр нь дотроо олон аспектэд хуваагддаг , өөр өөрийн төлөөлөл болсон агуу сэтгэгчтэй , дээрх үзэл онолоор замнан хөгжил дэвшилд хүрсэн нь ч бий , хөөдөж уруудаж доройтсон нь ч байдаг . Энэ хоёр онол аль аль нь Монголын нийгэмд туршигдан сайн муу үр дагавраа үлдээсэн ба үлдээсээр байгаа нь өдгөө цагийн бодит байдал юм. Үнэндээ бодит байдал дээр монголын залуус төдийгүй ард иргэд туйлын эв нэгдэлгүй байдаг нь мөнөөх яриад байгаа үндэсний үзлээ шороонд булчихдаг юм. Тэгэхээр бид үндэсний үзэл санаа болоод эх оронч үзлийн талаар ярих болбол эхлээд туйлын эв нэгдэлтэй байх хэрэгтэй мэт бодогдоно. Тэгвэл эв нэгдэл, нэгэн зүгт үзэл бодлын галыг хэрхэн асаах вэ. Нэн түрүүнд Монголд үндэсний үзэл санааны эцэг байх хамгаас хэрэгтэй. Ийм хүн байж байж л эв нэгдэлтэй байхын үндсийг тавьж өгөх учиртай. Ер нь эхлээд төрөө дээдэлдэг, хүндэлдэг, сүр хүчинд нь биширдэг байвал зохистой билээ. Ямар ч байсан Монголын төр л бол төр гэдгийг хэн бүхэн санаж байх ёстой. Хэдэн үеэр дамжин ирсэн төрт ёсны уламжлал тодорхой хугацаанд тасарсан байж болох ч үүнийг дахин сэргээн гагнах нь одоогийн төрийн хар хүмүүст нэн их хамаатай асуудал. Төрөө дээдэлдэг, туг далбаагаа хүндэтгэн залдаг, төрийн сүлд дууллаа мэддэг байх нь дээр ярьсан эв нэгдэл, үндэсний үзэл санаа, эх оронч үзлийн нэгэн хэлтэрхий гарцаагүй мөн билээ.

Tuesday, June 15, 2010

Улс төр

Улс төр гэдэг нь бүлэг хүмүүсийн шийдвэр гаргах үйл явц юм. Эртний Грекийн хэллэгт policu хэмээх үг нь "Төрийг удирдах урлаг" буюу төрийн зорилгыг түүний нутаг дэвсгэрийн хүрээнд (дотоод бодлого), хилийн чанадад (гадаа бодлого) хэрэгжүүлэх тодорхой арга гэсэн утгыг илэрхийлж байв.

Нийгмийн нэг бүлэг нөгөө хэсэгтэй харилцахдаа хүч хэрэглэх эрх дээр тулгуурласан засаглалын онцгой төрөл гарч ирэх үеэс улс төр үүссэн ажээ. Үүнийг төрийн засаглал гэж болно. Иймд аливаа засаглалын харилцаа үйл ажиллагааны зөвхөн төрийн эрх мэдэлтэй холбогдох тэр хэсгийг улс төр гэж ойлгож болох нь.